Wednesday, November 3, 2010
Хүннү гүрэн
Албан ёсоор МЭӨ 209 оноос буюу Модун шаньюй ор сууснаас энэ гүрний он тооллыг тооцдог. Эртний төрт улсуудын нэгд зүй ёсоор оруулдаг. Хүннү гүрэн засаг захиргааны гурван хэсэгтэй байсны төвийн хэсгийг Шаньюй өөрөө захирч байжээ. Зүүн хэсгийг Жүки ван, баруун хэсгийг Лүли ван захирч байв. Шаньюй болон вангууд түмтүүдийг шууд удирддаг байсан бол түмт нь цаашаа мянгатад, мянгат нь зуутад, зуут нь аравтад хуваагддаг байжээ. Хүннү гүрэн нийт 24 түмттэй байсан мэдээ байна. Модуны үед Хүннүгийн цэргийн зохион байгуулалт маш боловсронгуй байсныг Хятадын сурвалж бичгүүдэд хангалттай тэмдэглэн үлдээсэн нь бий. Энэ үед Хүннү гүрэн хүчирхэгжилтийнхээ туйлд хүрч умардад Байгаль нуур, урагш Хятадын цагаан хэрэм, баруун тал руугаа Түрэгстан, зүүн тийш одоогийн Ордос хүртэлх өргөн уудам нутгийг эрхшээлдээ оруулж чадсан юм. Одоогийн Хятадын нутагт тэр үед шинээр үүссэн Хань Улс Модун шаньюйд алба гувчуур барьж байсан төдийгүй хааны ургийн гүнжийг түүнд "яньжи" болгон өгч байжээ. Хүннүчүүд байлдааны тактиктаа одоогийн тусгай албадын нууц аргыг хэрэглэж байсан нь сонирхол татдаг. Модун шаньюй Хань улсаас ирсэн элчид өөрийн армийг үзүүлэхдээ зөвхөн сул дорой болон хөгшин настай хүмүүсээ харуулаад явуулсан жишээ бий. Модун шаньюй МЭӨ 174 онд таалал болсноос хойш 100 гаруй жил Хүннү нар Төв Азид ноёрхсон хэвээр байв. Манай эриний он тооллын эхэн, манай эриний өмнөх тооллын сүүл үед Хүннү гүрэн дотоодын тэрсэлдээн, гадаадын дайралт довтолгооны нөлөөгөөр умард, өмнөд гэсэн хоёр хэсэгт хуваагдаж, өмнөд нь Хань улсад дагаар орж, өөр хоорондоо дайтах болсон байна. Одоогийн Монголын нутаг дээр байсан өмнөд Хүннү нар умардынхныгаа удаа дараа хиар цохиж, Хань улсын нөмөр нөөлөгт оршиж байсан ч жил ирэх тутам доройтсоор МЭ-ний I зуунд Дунху нарын эрхшээлд орсноор дуусгавар болсон юм. Харин умард хүннү нар өмнөдийнхөндөө бут цохигдон олон хэсэг болж тарж бутран, хөөгдөн нүүдэллэцгээсэн бөгөөд одоогийн Европт хүрч очсон Кангю аймаг хэсэг зуур хүчирхэгжиж өрнө дахиныг чичрүүлж байсан түүх бий
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment